background

Мэндчилгээ

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 94 жилийг ойг тохиолдуулан үе үеийн уурхайчид, салбарын нийт хамт олон Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлье.

Ардын Засгийн газрын шийдвэрээр 1922 оны 12дугаар сарын 25-ны өдөр Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авснаар Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар үүсч, хөгжсөн түүхтэй. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар түүхий эд бэлтгэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилт тавьж байна. Улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор алтны олборлолтыг нэмэгдүүлэх, стратегийн болон нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхээс гадна дэд бүтцийг барьж байгуулах, баяжуулах үйлдвэр, үүсмэл ордын ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх, “Зэсийн баяжмал боловсруулах”, “Газрын тос боловсруулах”, “Төмөрлөг боловсруулах” болон “Нүүрс, кокс химийн” үйлдвэрийн томоохон төслүүдийг ойрын хугацаанд эхлүүлэхээр ажиллаж байна.

Салбарын хамт олон түүхт 94 жилийн ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байна. Өнгөрч буй 2016 онд 20 гаруй уурхай, уулын үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 800 ажлын байр шинээр бий болж, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээр улс, орон нутгийн төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдэх боломж бүрдлээ. Мөн 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 19 тн алт, 33 сая тн нүүрс, 7.5 сая тн төмрийн хүдэр, 1.1 сая тн газрын тос, 200 мян.тн жонш, 1.4 сая тн зэсийн баяжмал, 4.7 мян.тн молибдений баяжмал, 100 мян.тн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэж, экспортлохоор байна. Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын нөлөө чухал үүрэгтэй бөгөөд нийт экспортын 85 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний63 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь,улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг тус салбар дангаараа бүрдүүлж байгаа юм. Ирж буй 2017 онд тохиох 95 жилийн ойдоо олсон амжилтаа улам бататгаж, илүү их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

Уул уурхайн үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж байгаль орчныг хамгаалах, ашигт малтмалыг иж бүрэн ашиглаж, ил тод байдлыг хангах замаар Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсдээ улам өндөр амжилт гаргахыг Та бүхнээс хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.